2017-10-22
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ

Эрүүл Мэндийн Хөгжил Төсөл (ЭМХТ)
Төслийн зорилго  
Энэхүү төсөл нь 0-8 насны хүүхдүүдэд зонхилон тохиолдох, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих үндсэн зорилготой хэрэгжсэн.   

Төслийн зорилтот бүс, хэрэгжсэн хугацаа
1998-2008
Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын бүх сумд 

Ололт амжилт  
Төсөл хэрэгжих хугацаанд зорилтот бүлгийн хүн амын эрүүл мэнд маш ихээр дээшилжээ. Мөн зорилтот бүс нутгийн нялхсын болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2001-2007 онд тууштай буурсан явдал нь төслийн нэг томоохон үр дүн юм. Ийнхүү Монгол улсын 2015 он гэхэд хүрэх ёстой Мянганы хөгжлийн зорилгын 4–т тусгагдсан 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990-2015 оны хооронд дөрөв дахин бууруулна гэсэн зорилтыг хангахад ихээхэн түлхэц болж улмаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд хугацаанаас өмнө 2005-2007 он гэхэд уг зорилтод хүрсэн байна. 

Эрүүл мэндийн боловсрол ба сургалтууд 
ЭМХТ нь эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалтууд явуулахын зэрэгцээ эрүүл мэндийн мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн багш нарт мэргэжлийн сургалтуудыг явулахад анхаарч ажиллажээ. Үүний үр дүнд зорилтот бүлгийн эрүүл мэндийн боловсрол мэдлэг, чадвар ихээр нэмэгдсэн байна. Мөн эрүүл мэндийн аян, сургалт зохион байгуулах аргазүйг боловсруулж хөгжүүлсэн.
Төслийн хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хүүхдийн эндэгдэл бодитой буурсан явдал нь ЭМХТ-өөс боловсруулсан цогц аргазүй нь жинтэй хувь нэмэр оруулсны баталгаа юм.  

Эрүүл мэндийн тоног төхөөрөмж, материалууд 
ЭМХТ хэрэгжих хугацаанд зорилтот бүсийн хоёр аймагт Эрүүл мэндийн сургалт мэдээллийн 5 төвийг байгуулж, бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн нь өнөөг хүртэл хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн боловсон хүчнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. 

Төслийн зүгээс эрүүл мэндийн багц бүхий сонирхолтой зурагт үзүүлэн DVD-ийн хамт, комикс, хүүхэлдэйн кино, үзүүлэн, зурагт хуудас зэргийг олноор бэлтгэн боловсруулж хэвлүүлэн, эрүүл мэндийн хичээлүүд, төрөл бүрийн үйл ажиллагаа, ТВ радиогийн нэвтрүүлгүүдэд ашиглаж байлаа. Эдгээр сургалтын материалууд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд эерэг өөрчлөлт бий болгох, эрүүл мэндийн асуудал, мэдлэгийг сайжруулахад ач холбогдлоо өгсөөр байх болно. 
ЭМХТ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үндэсний болон орон нутгийн эрүүл мэнд, боловсролын байгууллагуудтай хамтран ажилласнаар сургуулийн өмнөх болон бага боловсролын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт шинэчлэл авчирсан юм. Ингэснээр хүүхэд багачууд бага наснаасаа эрүүл мэндийн зөв зохистой мэдээллийг хүлээн авч, өвчлөлөөс сэргийлэх зөв дадал эзэмших болсон. 

Эрүүл аюулгүй орчин 
ЭМХТ нь зорилтот бүс нутагтаа хүүхдэд ээлтэй эрүүл орчин бий болгоход анхаарч ажиллалаа. Сургууль цэцэрлэгүүд, төслийн дэмжлэг бүхий эрүүл мэндийн төвүүд хүүхэд эрүүл чийрэг өсөн торних орчинг бүрдүүлсэн нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцлийг бий болгожээ.

Төсөл хэрэгжих явцад 5 хүртэлх насны хүүхдийн зуны чийрэгжүүлэлтийн сувиллыг жил бүр ажиллуулсны үр дүнд 750 хүүхэд иллэг массаж, хөдөлгөөнт дасгал, наран шарлага, усан эмчилгээ хийлгэж, тэжээллэг хоол хүнс, амин дэмээр хангагдан эрүүлжиж чийрэгжиж түүнчлэн сувилалд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг асрах зөв дадал хэвшилтэй болгох эдгээр аргуудад суралцан,  дадал эзэмшсэн. 

Нөлөөлөл ба хамтын ажиллагаа 
ЭМХТ нь хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тогтолцоог бий болгоход анхаарч ажилласнаар нийгмийн эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Ийнхүү төрөл бүрийн салбар, байгууллагуудтай нягт хамтран ажиллах болсноор хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь уялдаа холбоотой, амжилттай шийдвэрлэхэд чухал аргачлал боллоо. 

Гол хамтрагчид:
Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Засаг даргын тамгын газар (ЗДТГ)
Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Эрүүл Мэндийн газар (ЭМГ)
Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Боловсрол соёлын газар (БСГ)
Л.Золбоот - Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга (2008 он) 

Одоогоос 10 жилийн өмнө Дархан-Уул аймагт Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл Мэндийн Хөгжлийн Төсөл  үйл ажиллагаагаа эхэлж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Тэр үед Монголын нийгэм шилжилтийн үед байлаа. Хүн амын эрүүл мэнд ялангуяа  хүүхдийн өвчлөл, эндэгдэл өндөр байсан юм. 

Бид өвдсөн хүүхдийг хэвтүүлэн эмчлэхэд л гол үйл ажиллагаагаа чиглүүлж, өвдөж хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдлэг, ойлголтгүй байв. Том эмнэлэг,олон мэргэжилтэн, хүчтэй тоног төхөөрөмж байх юм бол хүүхдийн өвчнийг бууруулж чадна гэж ойлгодог байлаа. Гэтэл үнэндээ бидний ойлголт  буруу байсныг мэдэж, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх нь хамгаас чухал юм байна гэдгийг ойлгосон. 
ЭМХТ-тэй хамтран Хүүхдийн Өвчний Цогц Менежмент хөтөлбөрийг хэрэгжүүлж,  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад их зүйл хийж чадсан. Бид эрүүл эрүүл мэндийн боловсрол олгох чадавхийг бэхжүүлэх, сургалтын бааз суурь бий болгох,  эрүүл мэндийн сурталчилгааг сайжруулах, боловсон хүчнийг зөв байршуулах, ажилтнуудыг идэвхжүүлэх, тандалт хийх бүхэл бүтэн механизм бүрдүүлэхэд бусад ТББ-тай хамтарч ажиллахад анхаарч байсан. Хамгийн хэцүү нь хүмүүсийн дадсан хэвшил, хуучин сэтгэлгээ хандлагыг өөрчлөх байсан даа.  

Төсөл хэрэгжих энэ хугацаанд төслийн багийн хамт олноос суралцсан зүйл их байлаа. Бид сайн хамтарч ажилласны дүнд эрүүл мэндийн салбарт сайхан амжилтанд хүрсэн юм. Ялангуяа манай аймагт 0-5насны  хүүхдийн эндэгдэл 1998 онтой харьцуулахад 4 дахин буурсан гэдгийг хэлмээр байна. Энэ бол гайхамшигтай  амжилтюм. 
Бидэнд гүн туслалцаа үзүүлсэн Норвегийн Засгийн Газар, Норвегийн ард түмэн, тэднийг төлөөлөн Монголд ажилласан Норвеги болон Монгол бүх хүмүүст гүн талархаж байгаагаа илэрхийлье. 

О.Түвшинзаяа - 11 сартай Б.Тэргэлийн ээж (2008 он) 
Би 1998 онд Дархан-Уул аймгийн15-р цэцэрлэг дээр Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл Мэндийн Хөгжлийн төслийн зохион байгуулсан зуны чийрэгжүүлэлтийн сувилалд хүүхдээ хамруулсан юм. Зуны сувилалд хамрагдахаас өмнө хүүгийн маань булчин сул, жин нь бага байсан бол одоо өсөлт нь сайжирч өвчин тусах нь багасч чийрэгжсэн. Сувиллын наран шарлага, хоол, витаминжуулалт, усан эмчилгээ чийрэгжүүлэх массаж зэрэг нь үр дүнтэй санагдсан. Мөн зуны сувиллын үеэр би сургалтанд хамрагдаж хүүхдээ хэрхэн асрах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон зөв хооллолтын талаар их зүйлийг сурч мэдлээ. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдийн эрүүл мэнд болоод залуу эцэг эхчүүдэд их хэрэгтэй зүйл гэж үзэж байна.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (45)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2